Миний өвөг дээдэс нь цөм л Даарьтан овгийнхон байсан гэдэг. Ах дүүсээрээ айлсан бууцгаадаг. Тэгэхээр нутгийнхан тэднийг Цагаан гэрүүдийнхэн гэж нэрлэдэг байсан болохоор Цагаан гэрийнхэн гэдэг нэр овог мэт санагдах болжээ. Үнэндээ ч түүх сурвалжаас харахад "Гэрүүд" гэдэг овог ч байсан л юм билээ. Наддаа хаан миний хайртай аав Даарьтан овгийн Наранбаярын Бодь бол угийн хар, хэд гурван малаа маллаж, ан агнаж, цахиур буу сайн засварладаг голцуу л тосоор гоож гэж уулгалчилж, цахиур буунд хуй хийж сайрлаж мөнгөөр тоноглох, овоо нь гажсан бууны овоог засах, оноог нь тохиуруулах гаж хөлсөө дуслуулж суудаг энэ талаараа нэлээд нэрд гарсан дархан хүн байсан даа. Хуйтай хутга, нугалардаг тонгорог хийдэг, түүнийг нь голцуу анчид авдагсан. Сур элдэж модон тэрэг хийж хүүхэд биднийгээ тэжээдэг байлаа.
Миний хатан ээж бол Хатгин овгийн Цэвэгжавын Жамъян. Тун их ажилсаг цэвэр нямбай нэгэн байж. Зос тавьсан нэхий дээл өмсөж, монгол хөмөн гутал, сармай нэхий өмд өмсөж, үнэгэн малгай оёж, ширдэг ширэх, сааль сүүгээ боловсруулах, цагаан идээ хийхдээ гарамгай байсныг нутгийн хөгшчүүл хэзээ хойно ч гэсэн дурсан "чи ээжийгээ дуурайсан нямбай цэвэрч хүн болжээ" гэдэгсэн. Ээжийн ах өргөн Гэцэл, цоохор Гонгор, нар ч их цэвэрч. Нагац ах Гонгор түлээ хөрөөдөхдөө адсага дэвсэж, үртэсийг нь газар унагаадаггүй байсныг би өөрөө үзэж л байлаа.
Аав маань эхлээд арваны, дараа нь дөчний улмаар багийн даргын алба хашдаг болсон. Арваны дөчний гэдэг нь арван айлын дөчин айлын дарга гэсэн үг. Тэгэхээр аав маань төрд зүтгэхдээ хамгийн анхны нэгжээс нь эхэлсэн хэрэг. Энэ нь удирдах ажилд дадлагажихад нэмэртэй байсан төдийгүй нөгөө талаар дэвшүүлэх болсон хүчний шалгуурын арга байсан болов уу гэж боддог. 1932 оны хаврын нэгэн өдөр буутэй хэдэн хүн давхин ирж хонины мах чануулж идээд явахдаа нутгийн Жамцаа дархан, авга ах Цэвээннамжил Баасангийн аав Төөвий нарыг аавын хамт баривчлан морин дээр хүлж, цахиур бууг нь хурааж аваад туугаад явчихаж билээ. Энэ нь нөгөө айхавтар эсэргүүнийхэн-ногоон малгайтнууд байжээ.
Аавыг баригдаад явмагц ээж бид хоёр гэрийнх эд хогшлыг асганд нууц, гялалзах, шил харшиж дуугарах шаазан зэргийг хагалж хөндий гэрээ авч олноо бараадахаар Алтаадын адгаас Сугад нүүн ирж Дэвээд зусаад Сугийн эхэнд намаржиж, Хүүшид өвөлжиж байтал аав эргэн ирж, хувьсгалын эсэргүүг дарах үйлсэд идвэхи зүтгэлтэй оролцсон гэж цэрэг эмээл, бирдаан буугаар шагнууллаа даа гэж ярьж, манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цугларч, амьдрал хэвийн болж билээ.
Аав маань мал маллаж, Улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцож байгаад 1943 онд өөд болсон юм.
Үргэлжлэл...