"Хаан" аав "Хатан" ээжээ дурсахуй

Миний  өвөг дээдэс нь цөм л Даарьтан овгийнхон байсан гэдэг. Ах дүүсээрээ айлсан бууцгаадаг. Тэгэхээр нутгийнхан тэднийг Цагаан гэрүүдийнхэн гэж нэрлэдэг байсан болохоор Цагаан гэрийнхэн гэдэг нэр овог мэт санагдах болжээ. Үнэндээ ч түүх сурвалжаас харахад "Гэрүүд" гэдэг овог ч байсан л юм билээ. Наддаа хаан миний хайртай аав Даарьтан овгийн Наранбаярын Бодь бол угийн хар, хэд гурван малаа маллаж, ан агнаж, цахиур буу сайн засварладаг голцуу л тосоор гоож гэж уулгалчилж, цахиур буунд хуй хийж сайрлаж мөнгөөр тоноглох, овоо нь гажсан  бууны овоог засах, оноог нь  тохиуруулах гаж хөлсөө дуслуулж суудаг энэ талаараа нэлээд нэрд гарсан дархан хүн байсан даа. Хуйтай хутга, нугалардаг тонгорог хийдэг, түүнийг нь голцуу анчид авдагсан. Сур элдэж модон тэрэг хийж хүүхэд биднийгээ тэжээдэг байлаа. 


Миний хатан ээж бол Хатгин овгийн Цэвэгжавын Жамъян. Тун их ажилсаг цэвэр нямбай нэгэн байж. Зос тавьсан нэхий дээл өмсөж, монгол хөмөн гутал, сармай нэхий өмд өмсөж, үнэгэн малгай оёж, ширдэг ширэх, сааль сүүгээ боловсруулах, цагаан идээ хийхдээ гарамгай байсныг нутгийн хөгшчүүл хэзээ хойно ч гэсэн дурсан "чи ээжийгээ дуурайсан нямбай цэвэрч хүн болжээ" гэдэгсэн. Ээжийн ах өргөн Гэцэл, цоохор Гонгор, нар ч их цэвэрч. Нагац ах Гонгор түлээ хөрөөдөхдөө адсага дэвсэж, үртэсийг нь газар унагаадаггүй байсныг би өөрөө үзэж л байлаа. 


Аав маань эхлээд арваны, дараа нь дөчний улмаар багийн даргын алба хашдаг болсон. Арваны дөчний гэдэг нь арван айлын дөчин айлын дарга гэсэн үг. Тэгэхээр аав маань төрд зүтгэхдээ хамгийн анхны нэгжээс нь эхэлсэн хэрэг. Энэ нь удирдах ажилд дадлагажихад нэмэртэй байсан төдийгүй нөгөө талаар дэвшүүлэх болсон хүчний шалгуурын арга байсан болов уу гэж боддог. 1932 оны хаврын нэгэн өдөр буутэй хэдэн хүн давхин ирж хонины мах чануулж идээд явахдаа нутгийн Жамцаа дархан, авга ах Цэвээннамжил Баасангийн аав Төөвий нарыг аавын хамт баривчлан морин дээр хүлж, цахиур бууг нь хурааж аваад туугаад явчихаж билээ. Энэ нь нөгөө айхавтар эсэргүүнийхэн-ногоон малгайтнууд байжээ.

Ногоон малгайтнууд аавын дотны найз Гарьдыг 1932 оны 5-р сард хатавчын даваан дээр өвчүүг нь хадаж зүрхийг нь сугалж туг тахиж ганзагалаад Жамцаа дарханы Гичигэнтийн дэнж дээр буудаж алаад Мөрөнгийн төв дээр ирцгээж, цугларсан бүх хүнийг тарган Равжаагийн дуганд оруулан мөргүүлж эхэлжээ. Дуганд орж мөргөгчдөөс нэг ч хүн эргэж гарч ирэхгүй болохоор нь улсын баяр наадамд 1926 онд 9 давж үзүүрлэн өрслан цол хүртсэн нутгийн уугуул иргэн Шагжийн Төмөрбаатар: би нэг ороод юу болоод байгааг нь үзээдхье гээд ортол юу харагдсан гэж санана. Мөргөхөөр орсон хүмүүсийг цохиж алаад шалны доогуур хийгээд байж. Арслан,  бяртай хүн болохоор хатавчинд зогсож байсан хоёр хүнийг мөргөлдүүлэн нэгээр нь бусдыг нь дүүгүүрдэн цохиж олон хүний амийг аварсан гэдэг юм. Одоо ч Мөрөн багийн төвд Тарган Равжаагийн дуган түүхийн гэрч болон байсаар байдаг төдийгүй олон хүний цус шингэсэн шал хананд нь бор толбо шингээстэй нүүгэлтэн харагддаг. Энэ бужигнааны дундуур хэн нэгэн хүн хүлээстэй байсан аавын хүлээсийг нь тайлж өгмөгц нь аав уяатай морьдын гэдсэн доогуур шурган гарч, нутаг Алтаад руугаа уул хад дамжин явж дөрөв хоногийн дараа үүрээр гэртээ ирж, морь хувцсаа сольж, бяслаг өрөм авч Жаргалант суманд байсан Малжийн отрядад очиж элсээд эсэргүү дарах хэрэгт оролцжээ. 
Аавыг баригдаад явмагц ээж бид хоёр гэрийнх эд хогшлыг асганд нууц, гялалзах, шил харшиж дуугарах шаазан зэргийг хагалж хөндий гэрээ авч олноо бараадахаар Алтаадын адгаас Сугад нүүн ирж Дэвээд зусаад Сугийн эхэнд намаржиж, Хүүшид өвөлжиж байтал аав эргэн ирж, хувьсгалын эсэргүүг дарах үйлсэд идвэхи зүтгэлтэй оролцсон гэж цэрэг эмээл, бирдаан буугаар шагнууллаа даа гэж ярьж, манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цугларч, амьдрал хэвийн болж билээ. 
Аав маань мал маллаж, Улсын сайн малчдын зөвлөгөөнд оролцож байгаад 1943 онд өөд болсон юм.


Үргэлжлэл...

Удамт ихэс дээдэс минь

Бидний элэнц эцэг Маналжав энэ л сайхан Алтаад нутагтаа төрсөн дүү Манжилжавтайгаа айлсан арав таван малаа маллан амьдарч байжээ. Элэнц эцэг Маналажавынх Наранбаяр гэдэг хүүтэй, дүү Манжилжавынх нь Дамбий, Вандандаш, Цэвээннамжил гэсэн гурван хүүтэй байжээ. Мандалжавын Наранбаяр бол миний аав Бодийн төрсөн эцэг, миний өвөг эцэг байлаа. Миний эмэг ээжийг Өлзийхутаг гэдэг байсан гэнэлээ.

Өвөг эцэг Наранбаярынх миний аав Бодиос гадна Норовсамбуу, Дамчаа, Цэрэв гэсэн хүү, Далайхүү, Хорлоо гэсэн хоёр орхин төрүүлсэн ядуувтар байл байсан гэдэг.
Миний авга ах Норовсамбуу ардын хувьсгал мандсаны дараа ардын Хатанбаатар Магсаржав гуайн цэрэгт элсэн баруун замын байлдаанд оролцон Ховд, Улиастайг чөлөөлөх үйлсэд оролцож явсан гавьяатай. Элэнц эцгийн төрсөн дүү Манжилжавын ууган хүү Дамбий бол нутаг хошуу, даншигийн наадамд олон удаа барилдаж аврага цолтой алдартай бөх байлаа. Бид Дамбий ахыг "Умбуу заан" гэж гуайлдагсан. Умбуу заан их бяртай, олон үхэр адуутай чинээлэг айл байсан бөгөөд тэднийх босоо шовх эвэртэй, их том сарлагийн бор бухтай байлаа. Бух нь одоогийн Жаргалант сумын нутаг Шар хад гэдэг газар тэр хавийн бухнуудтай тошдог байв. Гэтэл нэгэн хавар тэр бор бух нь ганцаараа алга болчихож. Умбуу зааны хүү Жигжид Дэлэг нар явж эрээд явж байтал бух нь эвэртээ нэг том чоно өлгөөд хадруу нисээд үхчихсэн байсныг олжээ. Умбуу заан эвэрэйт чоно өлгөөд үхсэн бухаа бүтнээр нь үүрээд гаднаа ирснийг үзвэл бух нь хөлдүү, чоно нь бараг хатчихсан байж билээ.

Умбуу зааны хашааны үүдэнд нэгэн том чулуу байсныг манай ах дүүсийн Жигжид, Дэлэг, Цэсэд, Чимэдцогзол, Чимэддэгва нарын 10-аад залуучууд зайлуулах гэж бүтэн өдөр оролдоод, хөшүүрэгдээд дийлээгүй орхисныг Умбуу заан маань ганцаараа өргөөд 10-аад метр газар аваачин тавьж байсныг би харж л байв. Уул чулуу одоо ч манай өвөлжөөний буйран дээр Умбуу зааны бяр чадлын дурсгал болон байсаар байдаг юм.

Дамбий аврага, нутгийн нэр нэгт хар Дамбий, янгаа Ламзав гурав аян жинд явха, наймаа худалдаа хйихээр хамтарч их явдагсан. нуг удаа хойд Тэрхийн эхээд очиж үхэр худалдаж авахаар айл хэсч явтал нутгийн нэг манайд эмнэг, хүн мөргөдөг, эвэртэй хөх хайнагийн шар бий. Манай нутагт түүнийг бариад эдэлчих чадалтай хүн алга. Та нар түүнийг барьж авч чадвал ав гэжээ. уул шарыг хар Дамбий нь үхэр дундаас хойд хөлөөс нь шийрдэж авмагц янгаа Ламзав нь эвэрдэн унагаж Дамбий аварга оосорлож баглаад туугаад ирсэн гэдэг. Тэд давсан шар тэрэгтэй яваад ирэх замдаа нэгэн хэсэн айлын гадаа зогсож байтал давстай тэрэг нь жалгаруу онхолджээ. Эднийг хүмүүс их л бяртай хүмүүс гэцгээдэг. Одоо л нэг үзье гээд харж байтал Дамбий аврага нь хөдлөх янзгүй нутгийнхантай хууч хөөрч суусаар байж. Гэтэл хар Дамбий нь давстай тэргээ өргөж гаргаад жалгын эрэг дээр тавьсан гэнэ. Хүмүүс хар Дамбий ийм их бяртай байгаа юм чинь дашигийн аврага Дамбийгийнх нь бяр ямар их бол гэж гайхан магтаж байсан гэж настангууд хуучилдагсан. Аавын төрсөн охин дүүгийн нөхөр манай хүргэн ах Б. Дэндэв гэж ил ёж үнэн үгтэй хүн байлаа. 1940-өөд онд мал өсгөх, өсгөн нэмэгдүүлэх хөдлөшгүй төлөвлөгөө гарч өсгөх малынх нь тоонд тохирсон мах ноос, сүү, тосны төлөвлөгөө өгдөг байв. Байгалийн аюул цас зуд, өвчин эмгэг, чоно зэргээс болж малаа өсгөж чадалгүй төлөвлөгөө тасалж ял шийтгэл хүлээдэг хүн олон байлаа. Тэр үзд улсын бэлтгэл тушаах мал нь заавал 3-аас дээш гарсан насны мал байдаг байв. Шүд нь гарсан эр үхэр, эр хоньтой айлаас шүд нь гараагүй хонь үхрээ 2-3-аар нь барьж өгөөд шүд нь гарсан нэг хонь үхэр сольж авч тушаадаг байж билээ. Манай нутгийн Эсрэгийн аманд зусаж байсан Д. Санжжаваас Ж. Чойжил нэг бүрийг нь хорин мөнгөөр шүд нь гарсан 6 төлөг авч тушааж байсныг хүргэн ах Дэндэв хараад том загас нь жижиг загасаа барьж идээд дуусах нь ээ төр засаг түмэн олноо бодож төлөвлөгөө өгөхөө болихгүй бол хэцүүдлээ шүү гэж хэлж буруутан болж сум багт дуудагдаж байлаа. Гэвч удалгүй энэ явдал давтагдахаа больсон нь засаг төр бодлогоо өөрчилснийх байсан биз. Ямарч л байсан шудрага ардын үгийг анхаардаг л байж дээ.

Хэрвээ та энэ мөрийг уншиж байгаа бол сэтгэгдэл дээр цэг (.) ч болтугай тавиарай.

Үргэлжлэл...

Алтан нутаг Алтаад

Мөн сумын төвөөс гарч Баянжаргалантын Дунд давааг давж Алайрыг өгсөөд Хамар даваан дээр гарахаар л нэр нь сэтгэлд хоногшин дүр нь зүрхэнд мөнхөрсөн төрж өссөн Алтаадын сайхан уулс цэнхэртэн олон үеэрээ тахидаг Тахилтын нуруу, миний удмынхан шүтдэг Заяахын уулс угтан мэндэлдэгсэн. Үнэхээр л энд манай аймгийн залуу зохиолчийн бичсэнээр

Өндөр тэнгэрийн ноён хангай
Үүлэн цэнхэр номын хангай
Багын заяат ариун хангай
Баян тансаг Архангай гэсэн магтаал шүлгийн мөр санагддаг юмаа.

Намайг миний өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн Наранбаярын өвөлжөө, Гудируулгын хаваржаа, Наймганы талын зуслан, Харзын дэнжийн намаржээ өсгөж Суман, Алтаад, Алингар, Чигэстэйн голууд ундаалж бойжуулсан. Шар нахиу, Яргуйт, Ухаа чулуут, Бугат, Сөртийн буга, гөрөөс, гахай, тарвага, Их булангийн загас тэжээж эрийн цээнд хүргэсэн.

Улаан элс, Бөмбөн цохио, Сэвэлгэн тавсаг, Харзны шанаа дулаацуулж Асайт, Бөөн бургас, Цагаан нүхт, Цагаан зайвар, Гозгорын оно, Бумбат, Бугатын нуруу, Баянулаан, Бургастайн хяр хатуужуулж, арц хүжийн үнэрт цэцэг навчис, эмийн ургамал нь чийрэгүүлж алт, задь, усан ба утаат болор зэрэг баялаг эрдэнэс нь шингэсэн болохоор наддаа өндөр нас заяасан бус уу. Заяа буяны хишигт алтан нутагтаа мөргөж цай, сүүнийхээ дээжийг өргөн дээдэлнэм.

Манай нутагт төрсөн газар оронтой холбоотой нэгэн сонин заншил үз уламжлан мөрдөгдсөөр байдаг юм. өөрийнхөө төрсөн нутаг бууцаа хүндэтгэн жил бүр зуны сайхан дэлгэр цагт ирж газар шороонд нь хөрвөөж, хөрсөн дээр нь унтаж, угаасан усаа ууж, ундаалж, тэр усандаа шумбаж, уул усандаа мөргөж амардаг. Нутгийнхан ч андахгүй. Тэдний тэр ирчихсэн бууцандаа буучихаж, майхнаа босгочихсон байна, айраг сүү цагаан идээ аваачиж өгье гэцгээдэг. Энэ ёс үнэхээр байгаль эхээ хүндэтгэсэн, хүн төрсөн газар шороотойгоо хүйн холбоотойг мэдэрсэн, мэдрүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй заншил гэж би их хүндэтгэдэг.

Үргэлжлэл...

Жич: Уншаад сэтгэгдэл үлдээвэл миний хөдөлмөр талаар өнгөрөөгүйг мэдээд баяртай байх болно.