Удамт ихэс дээдэс минь

Бидний элэнц эцэг Маналжав энэ л сайхан Алтаад нутагтаа төрсөн дүү Манжилжавтайгаа айлсан арав таван малаа маллан амьдарч байжээ. Элэнц эцэг Маналажавынх Наранбаяр гэдэг хүүтэй, дүү Манжилжавынх нь Дамбий, Вандандаш, Цэвээннамжил гэсэн гурван хүүтэй байжээ. Мандалжавын Наранбаяр бол миний аав Бодийн төрсөн эцэг, миний өвөг эцэг байлаа. Миний эмэг ээжийг Өлзийхутаг гэдэг байсан гэнэлээ.

Өвөг эцэг Наранбаярынх миний аав Бодиос гадна Норовсамбуу, Дамчаа, Цэрэв гэсэн хүү, Далайхүү, Хорлоо гэсэн хоёр орхин төрүүлсэн ядуувтар байл байсан гэдэг.
Миний авга ах Норовсамбуу ардын хувьсгал мандсаны дараа ардын Хатанбаатар Магсаржав гуайн цэрэгт элсэн баруун замын байлдаанд оролцон Ховд, Улиастайг чөлөөлөх үйлсэд оролцож явсан гавьяатай. Элэнц эцгийн төрсөн дүү Манжилжавын ууган хүү Дамбий бол нутаг хошуу, даншигийн наадамд олон удаа барилдаж аврага цолтой алдартай бөх байлаа. Бид Дамбий ахыг "Умбуу заан" гэж гуайлдагсан. Умбуу заан их бяртай, олон үхэр адуутай чинээлэг айл байсан бөгөөд тэднийх босоо шовх эвэртэй, их том сарлагийн бор бухтай байлаа. Бух нь одоогийн Жаргалант сумын нутаг Шар хад гэдэг газар тэр хавийн бухнуудтай тошдог байв. Гэтэл нэгэн хавар тэр бор бух нь ганцаараа алга болчихож. Умбуу зааны хүү Жигжид Дэлэг нар явж эрээд явж байтал бух нь эвэртээ нэг том чоно өлгөөд хадруу нисээд үхчихсэн байсныг олжээ. Умбуу заан эвэрэйт чоно өлгөөд үхсэн бухаа бүтнээр нь үүрээд гаднаа ирснийг үзвэл бух нь хөлдүү, чоно нь бараг хатчихсан байж билээ.

Умбуу зааны хашааны үүдэнд нэгэн том чулуу байсныг манай ах дүүсийн Жигжид, Дэлэг, Цэсэд, Чимэдцогзол, Чимэддэгва нарын 10-аад залуучууд зайлуулах гэж бүтэн өдөр оролдоод, хөшүүрэгдээд дийлээгүй орхисныг Умбуу заан маань ганцаараа өргөөд 10-аад метр газар аваачин тавьж байсныг би харж л байв. Уул чулуу одоо ч манай өвөлжөөний буйран дээр Умбуу зааны бяр чадлын дурсгал болон байсаар байдаг юм.

Дамбий аврага, нутгийн нэр нэгт хар Дамбий, янгаа Ламзав гурав аян жинд явха, наймаа худалдаа хйихээр хамтарч их явдагсан. нуг удаа хойд Тэрхийн эхээд очиж үхэр худалдаж авахаар айл хэсч явтал нутгийн нэг манайд эмнэг, хүн мөргөдөг, эвэртэй хөх хайнагийн шар бий. Манай нутагт түүнийг бариад эдэлчих чадалтай хүн алга. Та нар түүнийг барьж авч чадвал ав гэжээ. уул шарыг хар Дамбий нь үхэр дундаас хойд хөлөөс нь шийрдэж авмагц янгаа Ламзав нь эвэрдэн унагаж Дамбий аварга оосорлож баглаад туугаад ирсэн гэдэг. Тэд давсан шар тэрэгтэй яваад ирэх замдаа нэгэн хэсэн айлын гадаа зогсож байтал давстай тэрэг нь жалгаруу онхолджээ. Эднийг хүмүүс их л бяртай хүмүүс гэцгээдэг. Одоо л нэг үзье гээд харж байтал Дамбий аврага нь хөдлөх янзгүй нутгийнхантай хууч хөөрч суусаар байж. Гэтэл хар Дамбий нь давстай тэргээ өргөж гаргаад жалгын эрэг дээр тавьсан гэнэ. Хүмүүс хар Дамбий ийм их бяртай байгаа юм чинь дашигийн аврага Дамбийгийнх нь бяр ямар их бол гэж гайхан магтаж байсан гэж настангууд хуучилдагсан. Аавын төрсөн охин дүүгийн нөхөр манай хүргэн ах Б. Дэндэв гэж ил ёж үнэн үгтэй хүн байлаа. 1940-өөд онд мал өсгөх, өсгөн нэмэгдүүлэх хөдлөшгүй төлөвлөгөө гарч өсгөх малынх нь тоонд тохирсон мах ноос, сүү, тосны төлөвлөгөө өгдөг байв. Байгалийн аюул цас зуд, өвчин эмгэг, чоно зэргээс болж малаа өсгөж чадалгүй төлөвлөгөө тасалж ял шийтгэл хүлээдэг хүн олон байлаа. Тэр үзд улсын бэлтгэл тушаах мал нь заавал 3-аас дээш гарсан насны мал байдаг байв. Шүд нь гарсан эр үхэр, эр хоньтой айлаас шүд нь гараагүй хонь үхрээ 2-3-аар нь барьж өгөөд шүд нь гарсан нэг хонь үхэр сольж авч тушаадаг байж билээ. Манай нутгийн Эсрэгийн аманд зусаж байсан Д. Санжжаваас Ж. Чойжил нэг бүрийг нь хорин мөнгөөр шүд нь гарсан 6 төлөг авч тушааж байсныг хүргэн ах Дэндэв хараад том загас нь жижиг загасаа барьж идээд дуусах нь ээ төр засаг түмэн олноо бодож төлөвлөгөө өгөхөө болихгүй бол хэцүүдлээ шүү гэж хэлж буруутан болж сум багт дуудагдаж байлаа. Гэвч удалгүй энэ явдал давтагдахаа больсон нь засаг төр бодлогоо өөрчилснийх байсан биз. Ямарч л байсан шудрага ардын үгийг анхаардаг л байж дээ.

Хэрвээ та энэ мөрийг уншиж байгаа бол сэтгэгдэл дээр цэг (.) ч болтугай тавиарай.

Үргэлжлэл...

Алтан нутаг Алтаад

Мөн сумын төвөөс гарч Баянжаргалантын Дунд давааг давж Алайрыг өгсөөд Хамар даваан дээр гарахаар л нэр нь сэтгэлд хоногшин дүр нь зүрхэнд мөнхөрсөн төрж өссөн Алтаадын сайхан уулс цэнхэртэн олон үеэрээ тахидаг Тахилтын нуруу, миний удмынхан шүтдэг Заяахын уулс угтан мэндэлдэгсэн. Үнэхээр л энд манай аймгийн залуу зохиолчийн бичсэнээр

Өндөр тэнгэрийн ноён хангай
Үүлэн цэнхэр номын хангай
Багын заяат ариун хангай
Баян тансаг Архангай гэсэн магтаал шүлгийн мөр санагддаг юмаа.

Намайг миний өвөг эцгийн нэрээр нэрлэгдсэн Наранбаярын өвөлжөө, Гудируулгын хаваржаа, Наймганы талын зуслан, Харзын дэнжийн намаржээ өсгөж Суман, Алтаад, Алингар, Чигэстэйн голууд ундаалж бойжуулсан. Шар нахиу, Яргуйт, Ухаа чулуут, Бугат, Сөртийн буга, гөрөөс, гахай, тарвага, Их булангийн загас тэжээж эрийн цээнд хүргэсэн.

Улаан элс, Бөмбөн цохио, Сэвэлгэн тавсаг, Харзны шанаа дулаацуулж Асайт, Бөөн бургас, Цагаан нүхт, Цагаан зайвар, Гозгорын оно, Бумбат, Бугатын нуруу, Баянулаан, Бургастайн хяр хатуужуулж, арц хүжийн үнэрт цэцэг навчис, эмийн ургамал нь чийрэгүүлж алт, задь, усан ба утаат болор зэрэг баялаг эрдэнэс нь шингэсэн болохоор наддаа өндөр нас заяасан бус уу. Заяа буяны хишигт алтан нутагтаа мөргөж цай, сүүнийхээ дээжийг өргөн дээдэлнэм.

Манай нутагт төрсөн газар оронтой холбоотой нэгэн сонин заншил үз уламжлан мөрдөгдсөөр байдаг юм. өөрийнхөө төрсөн нутаг бууцаа хүндэтгэн жил бүр зуны сайхан дэлгэр цагт ирж газар шороонд нь хөрвөөж, хөрсөн дээр нь унтаж, угаасан усаа ууж, ундаалж, тэр усандаа шумбаж, уул усандаа мөргөж амардаг. Нутгийнхан ч андахгүй. Тэдний тэр ирчихсэн бууцандаа буучихаж, майхнаа босгочихсон байна, айраг сүү цагаан идээ аваачиж өгье гэцгээдэг. Энэ ёс үнэхээр байгаль эхээ хүндэтгэсэн, хүн төрсөн газар шороотойгоо хүйн холбоотойг мэдэрсэн, мэдрүүлсэн шинжлэх ухааны үндэслэлтэй заншил гэж би их хүндэтгэдэг.

Үргэлжлэл...

Жич: Уншаад сэтгэгдэл үлдээвэл миний хөдөлмөр талаар өнгөрөөгүйг мэдээд баяртай байх болно.

Нутаг хошууны сурвалж түүхээс

Манай нутаг 1691-1911 онуудад Манжийн Умар замын дундах зүүн этгээдийн хошуу, Богд хаант Монгол Улын үед /1911-1923/ Сайн ноён хан аймгийн Далайчонхор вангийн хошуу гэгдэж дотроо тайж Жүрмэдийн баг, Гол баг, Тайж Жамбуугийн баг, Цогтхайрхан баг, Тодол даргын баг, Гочин ламын баг, Ар саарал адууны баг, Ар хамжлагын отог, Бошго Гэрэлийн баг, Тайж Эрдэнэсэнгээгийн баг, Үйзэн тайжийн баг, Их баг, Гүнгийн баг, Боржигин тайж нарын баг, Зүүн тайж нарын баг зэрэг 18 отог багтай.

1918 оны байдлаар 5,697 өрхтэй 24,219 хүн амтай үүний дотор 606 нь тайж, 6,261 лам, 1,829 хамжлагатай, 291,387 толгой малтай байжээ. Ардын засгийн жилүүдэд тухайлбал 1923-1931 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Далайчойнхор ван Цэдэнсодномын буюу Чандмань Өлзийт далайн хошуу гэж нэрлэгдэж түүнд одоогийн Завхан аймгийн Их уул, Булган сумын нутаг, Тэлмэн, Булнай, Идэр, Тосонцэнгэл сумдын нутгийн хагас, Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр, Жаргалант, Архангай аймгийн Тариат, Жаргалант, Хангай, Цахир, Цэцэрлэг сумдын нутгийн хэсэг орж байсан байна.

БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2-р сарын 7-ны өдрийн 5-р тогтоолоор 16 хошуу 71 сумтай байсан. Цэцэрлэг мандлын уулын аймгаас 35 сумтай Архангай аймгийг байгуулахад Мөрөн сум Чандмань Өлзийт далайн хошуунаас байгуулагдаж 1933 оны тооллогоор 8 баг 161 өрх 2,800 хүн ам 65,1 мянган малтай байв. 1961 онд Тариат сумтай нийлжээ.

Далайчойнхор вангийн хошууг Сайн ноён Түмэнхэн ханы 13-р отгон хүү Гүмбэ, Гүмбийн ахмад хөвгүүн Ринчин, Ринчингийн ахмад хөвгиүүн Чойжамц, Чойжамцын ахмад хөвгүүн Намжилдорж, Намжилдоржийн 3-р хөвгүүн Чимэддорж, Чимэддоржийн ахмад хөвгүүн Гончигжав, Гончигжавын ахмад хөвгүүн Гимпилдорж, Гимпилдоржийн үрчилж авсан ахмад хөвгүүн Цэдэнсодном нарын 8 үз залгамжилсан тухай түүхэн тэмдэглэл байдаг.

Энэ хошуунд Алаг адуутан, Ач хариад, Авга хариад, Барга, Баатад, Боржигон, Бор адуутан, Бэсүд, Даарьтан, Дунд хариад, Жүржүүд, Зээрд адуутан, Тайж нар, Тангуд, Торгууд, Тогоруутан, Урианхай, Үхэр барга, Хатагин, Хатигад, Хар адуутан, Хотгойд, Хэрэйд, Цоохор, Шуудай, Шар торгууд зэрэг зуугаад овог байсан гэдэг. 1698 онд Тариатын, 1836 онд Нүхтийн, 1861 онд Арын, 1867 онд Зоогийн хүрээ зэрэг бага шиг хийдүүд баригдсэн түүхэн тэмдэглэл бий.

Үргэлжлэл...

Өмнөх үг

АМЬДРАЛ МИНИЙ БАГШ, энэ үгийг та хэзээ нэгэн цагт хаа нэгтээ сонсож байсан уу. Хэрвээ үгүй бол энэ блогийн дараа дараагийн нийтлэлийг заавал уншаарай. Энэ бол хайрт өвөө Бодийн Раднаагийн дурсамж дурдатгал.